Крант нээгдлээ. Энэ цоргоор Монгол Улс руу интернэтийн асар том урсгал түрхрэн орж ирэв.

Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран Монголын интернэтийн олон улсын гарцад өндөр хурдны DWDM систем нэвтрүүлсэн бөгөөд энэхүү шинэ системийн гарцаар анхны урсгал орж ирж буйг манай улсад интернэт үйлчилгээ анх нэвтэрсний 12 жилийн ойн энэ өдөр баяр дээр баяр нэмэн зарлаж байгаа нь энэ юм байна.
Хэдхэн жилийн өмнө манай улс интернэтийн 70 мегабайтын урсгалыг мегабайт тутмыг нь 2300 ам.долларын бөөний үнээр авч байсан билээ. Өнгөрсөн жил буюу 2006 онд интернэтийнхээ багтаамжийг нэмэгдүүлэн 465 мегабайт болгосны зэрэгцээ үнийг нь 400 ам.доллар хүртэл бууруулсан нь багагүй амжилт байлаа. Гэсэн ч олон улсын жишгээр багтаамж, урсгалын 30-35 хувьд ажиллах ёстой интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд өнөөдрийг хүртэл 90-95 хувьд хүргэн ажиллаж байлаа. Энэ нь 465 мегабайтын багтаамж манай улсын хэрэглээг хангаж хүрэлцэхгүй байна гэсэн үг юм.
Тиймээс олон улсын интернэтийн гарцдаа технологийн шинэчлэл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан бөгөөд үүнийг Улаанбаатар төмөр замын тусламжтайгаар амжилттай хийж дуусган, өнөөдөр өндөр багтаамжийн буюу 1,25 гегабайтын урсгалын “крант”-ыг нээв. Энэ хүчин чадлыг өмнөхтэй харьцуулахад бараг гурав дахин буюу нарийвчилбал 2,7 дахин их юм. 1,25 гегабайт нь 1244 мегабайт хэмжээтэй тэнцэнэ гэсэн үг. Ингэж урсгал, багтаамж нэмэгдсэнээр 1 мегабайт интернэт урсгалын үнэ 400 ам.доллараас мөн л 2.7 дахин буурч 150 ам.доллар болж буй юм.
Олон улсын интернэтийн гарцынхаа технологийг шинэчилж хурд, багтаамжийг нэмэгдүүлснээр бид анх удаа гегабайтаар хэмжигдэх урсгалыг авч эхэлж байна. Зүйрлэвэл, бид интернэтийн хэрэглээнийхээ жинг грам, кг-аар ярьдаг байсан бол өнөөдрөөс эхлэн тонн тонноор нь хэрэглэж эхлэх боллоо гэсэн үг юм. Энэ бүхний эцсийн үр дүнд хэрэглэгч бидэнд хүрч, бидний интернэтийн хэрэглээний цар хэмжээ, чанар улам сайжрах боломж бололцооны цорго онгойж байна. Монголчууд бид ертөнцийн мэдээллээс хутгаж уух урьд өмнөхөөсөө хавьгүй том шанагатай боллоо гэж тус газрын хэвлэлийн төлөлөгч манайд мэдээллээ.
кирилл дээрх Өвөр Монгол залуусын блог олсондоо ихэд баяртай байна.
Та бүхнээс нэг зүйл хүсэх гэсэн юмаа. Уйгаржин Монгол бичгээр мэдээлэл гаргадаг ӨвөрМонголын үндэсний томоохон портал сайт -ын хаягийг хэлж өгнө үү..